УГААЛГЫН ӨРӨӨГ ХЭРХЭН ШИЛ ТОЛЬ МЭТ ЦЭВЭРЛЭХ ВЭ?

Угаалгын өрөө цэвэрлэх нь ихэнх хүмүүст хүндрэлтэй байдаг. Гэхдээ Та дараахь цөөн хэдэн зөвлөгөөг хэрэгжүүлж, угаалгын өрөөгөө богино хугацаанд шил толь мэт цэвэрхэн болгох боломжтой.

1. Олон ажлыг нэг дор хийж гүйцэтгэх: Угаалгын өрөөг цэвэрлэхдээ олон ажлыг нэг дор хийж гүйцэтгэснээр асар их цагийг хэмнэнэ. Жишээ нь жорлон, вааныг цэвэрлэхийн өмнө 00 цэвэрлэгч, ваан цэвэрлэгч шингэнийг асгаж, 00, вааны дотор талыг дэвтээнэ. Цэвэрлэгч шингэний үйлчлэх хугацаанд угаалгын өрөөний бусад хэсгүүдийг цэвэрлэж болно. Түүнчлэн угаалгын өрөөн дэх угаалтуурыг хувин болгож ашиглах хэрэгтэй. Ингэснээр цэвэрлэгээний үед угаалтуур давхар цэвэрлэгдэнэ.

2. Уураар цэвэрлэх: Угаалгын өрөөний хана, тааз болон бусад хэсгүүдийг шингэн цэвэрлэгчээр сайтар шүршинэ. Дараа нь шүршүүрээр хамгийн халуун ус гойжуулж уур хуримтлуулна. Шүршүүрийг зогсоож угаалгын өрөөний хаалгыг хаагаад, цэвэрлэгч шингэн үйлчлэх хүртэл 20-30 минут хүлээнэ. Дараа нь даавуугаар цэвэрлэгч шингэн шүршсэн бүх хэсгүүдийг арчина. 

3. Шүдний сойзоор сойздох: Завсрын хөгцийг арилгах хамгийн үр дүнтэй арга бол шүдний сойз болон цайруулагч ашиглах явдал юм. Шүдний сойзыг цайруулагчид гүн дүрнэ. Хэрэв та хөгцийг тэр даруйд нь олж харсан бол, энэ аргын тусламжтай цааш тархахаас сэргийлнэ. Хуучин электрон шүдний сойз ашиглавал таны гарыг чилээхгүй.  

4. Шүршүүрийн цоргыг дэвтээх: Цагаан цуу хийсэн дэлгүүрийн уутанд шүршүүрийн толгойг хийж баглана. Шөнийн турш ингэж байлгана. Маргааш өглөө нь шүршүүрийг усаар зайлахад, бүх бохирдол хормын дотор үгүй болно.

 

5. Нүдэнд харагдахгүй хэсгүүдийг цэвэрлэх: Угаалгын өрөөн дэх угаалтуурын хоолойнуудыг 2 сард нэг удаа бөглөрөхөөс сэргийлж урьдчилан цэвэрлэх хэрэгтэй. ½ аяга хүнсний содыг ус зайлуулах хоолой руу урсгаж, дээр нь ½ аяга цагаан цуу хийгээрэй. Буцалсан халуун ус дээрээс нь асгахын өмнө дээрх орцууд холигдож хөөсөртөл хэдэн минут хүлээнэ.

6. 00-ын сойзыг цэвэрлэх: Гайхаад байх зүйл биш. 00-ын сойз нянг богино хугацаанд хуримтлуулдаг. Цэвэрлэгч шингэн эсвэл цайруулагч хийсэн устай төмпөнд үүнийг хийж 20 минут байлгаарай.

7. Ванны хөшгийг угаалгын машинд угаах: Тийм ээ, та энэ гялгар хөшгийг угаалгын машинд угааж болно. Гэхдээ цөөн хэдэн алчуурын хамт угаана. Дээр нь ½ аяга хүнсний сод хийж, хэсэг эргүүлсний дараа, ½ аяга цагаан цуугаар хөшгийг зайлаарай. Дараа нь хөшгийг хатаана.