Зочны болон унтлаганы өрөөнөөс дутахгүй ариун цэврийн өрөөний шийдэл ч чухал байдаг. 2019-2020 онд дизайнерууд ариун цэврийн өрөөг тав тухтай, агаарлаг, орон зайтай харагдуулахыг зорьж, илүү байгалийн мэт мэдрэмж төрүүлэхээр интерьерийг санал болгож байгаа юм.
Модон хийц бүхий шийдэл
Японы архитектор Кенго Кумагийн гар хийцээр зохион бүтээсэн чамин тансаг байгалийн модон шийдэл нь плитаны оронд модыг орлуулж, дулаан, тав тухтай орчинг бүрдүүлж байгаагаараа онцлог юм. Хана, тааз бүхий л хэсэг нь байгалийн модоор хийгдэх учраас цэвэр цэмцгэр, орчин үеийн онцгой шийдэлтэй байхаар төлөвлөсөн байна.
Харин Альфредо Херберлийн энэхүү загвар нь цаг хугацаа өнгөрсөн ч хувирдаггүй гантиг чулууг, царс модтой хослуулан бүтээжээ. Энэ нь илүү сонгодог, тансаг орчинд дуртай хүмүүсд тохиромжтой юм. Тавилга, хаалга болон шалыг царс модоор хийж, хана, ванн, угаалтуур зэрэг бусад хэрэгслийг саарал судал бүхий цагаан гантиг чулуугаар хийсэн байна.
Италийн архитектор Пиро Лиссоны энэхүү загвар нь нэлэнхүйдээ гантиг чулуугаар хийгдсэн бөгөөд чулууны байгалийн төрх нь амьд мэдрэмжийг өгч байгаагаараа онцлог юм.
Ариун цэврийн өрөөний салшгүй нэгэн хэсэг бол ванн юм. 2019 онд дараах ванны загварыг онцолж байна.
Авсаархан, орон зайтай харагдах шийдэл
Сүүлийн үед орон сууцны ам.метр талбай багасаж, тэр дундаа ариун цэврийн өрөөг бага зайнд төлөвлөх болсон. Иймээс архитекторууд бага зайг тансаг бөгөөд илүү орон зайтай харагдуулах шийдлүүдийг гаргасаар байна. Данийн “Norm Architects” компаниас ариун цэврийн өрөөнд тохиромжтой жижиг тавилга, тавиур байрлуулж, бусад чимэглэлийг оновчтой сонгох хэрэгтэйг онцлон зөвлөж байна. Эдгээр тавилгууд нь дундад зууны үеийн интерьер загварыг агуулсан, Скандинавын энгийн, даруу өнгө аясыг шингээж, Италийн нарийн ур хийцээр хийгджээ.