ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БҮХ ГАЗРУУД ИРГЭДЭД БИЕ ЗАСАХ ГАЗРААР ҮЙЛЧЛЭХ ҮҮРЭГТЭЙ

Сая гаруй хүн амтай нийслэл Улаанбаатар хотын хувьд нийтийн бие засах газар өнөөг хүртэл хүнд сэдэв хэвээр. Улаанбаатар ч бус энэ нь орон нутагт ч мөн хамаатай сэдэв билээ.

Нийтийн бие засах газар хүрэлцээгүйгээс гадна байгаа зарим нь хаалттай байх нь элбэг. Энэ нь нэгдүгээрт, иргэдийн өөрсдийн соёлгүй, бүдүүлэг байдал, хоёрдугаарт, нийтийн ариун цэврийн газруудын хүрэлцээгүйгээс болж хүмүүс хаа сайгүй хүндэрч, хөнгөрсөөр хавар, зуны улиралдаа Улаанбаатарын байшин, гудамжны булан тохойгоос бохирын үнэр ханхалсаар, хөдөө агаар салхинд аялагчдын хувьд ч баас шээстэйгээ хутгалдан амарч, зугаалж байна.

2014 онд батлагдсан “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам"-ын 4.18-д “Худалдаа, үйлчилгээ болон эрүүл мэндийн үйлчилгээ эрхэлж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэд нь өөрийн бие засах газраар иргэд, үйлчлүүлэгчдэд үнэ төлбөргүй үйлчилнэ” гэж заасан байдаг. Тус журмын шинэчилсэн найруулгын 8.1.5-д ч энэ талаар заажээ.

Гэвч амьдрал дээр энэ журмын дээрх заалт тэр бүр хэрэгжихгүй байна.  Иргэд ч худалдаа, үйлчилгээний газрууд нийтэд үнэтэй, үнэгүй үйлчлэх, ер нь шаардлагатай үед ариун цэврийн өрөөг нь ашиглах боломжтой эсэх талаар нэгдсэн ойлголтгүй байгаа юм.

Гэтэл дээр дурьдсан журмын дагуу үйлчилгээний газрууд иргэдэд ариун цэврийн өрөөгөөр үйлчлэх, үйлчлэхдээ үнэгүй үйлчлэх ёстой юм байна шүү.