ДЭЛХИЙН ГАР УГААХ ӨДӨР ЖИЛ БҮРИЙН 10 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДӨР ТОХИОДОГ.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2008 онд жил бүрийн аравдугаар сарын 15-ны өдрийг “Дэлхийн гар угаах өдөр” хэмээн тунхагласан. Жил бүр уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх нь дэлхийн сая сая хүмүүсийг гараа савандаж угаахыг уриалсан томоохон компанит ажил болдог бөгөөд гараа савандаж угаах нь нийт хүн ам, ялангуяа бага насны хүүхдийг суулгалт болон амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх энгийн, хүн бүрийн хийж чадах хялбар арга гэдгийг ойлгуулахад чиглэдэг. 

Жил бүр дэлхийн 100 гаруй улсын 200 сая хүн энэхүү өдрийг тэмдэглэхэд оролцдог бөгөөд төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшил болон хувь хүмүүсийн дэмжлэгтэйгээр явагддаг.

Хүний эрүүл мэндэд нөлөөлөх олон хүчин зүйлүүдээс амьдралын хэв маяг 50-70 хувийг эзэлдэг болохыг ДЭМБ-аас тогтоосон байдаг ба эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлж, гараа тогтмол, савандаж угаах дадлыг хэвшүүлэх нь эрүүл мэндээ  хамгаалахад  оруулж буй том хувь нэмэр болох  юм. Хүн амд гар угаах дадлыг хэвшүүлэх нь хүний зан үйлийг өөрчлөх болон ус ариун цэвэр, эрүүл ахуйн тулгамдсан асуудалд хамаардаг.